Ангилал: мэтгэлцээн
XXI зуун бол мэдээлэл технологи, оюуны боловсролын асар хурдацтай хөгжиж буй нийгэм. Бид боловсрол, мэдлэггүйгээр нийгмийг хөгжүүлнэ гэдэг төсөөлөхийн ч аргагүй. Дунд сургуулийн ахлах ангийн багш, сурагч, оюутан залууст зориулан мэтгэлцээний талаарх мэдээллийг хүргэж байна. Багш нар мэтгэлцээний аргыг хичээлд өргөн хэрэглэснээр ахлах ангийн сурагчдын мэдлэгийн хүрээ өргөжиж, хэл яриа, харилцааны болон бие даан уншиж судлах, судалгаа хийх, сэтгэн бодох, зохион бичих чадвар дээшлэх зэрэг олон ач холбогдолтой юм. Мэтгэлцээн бол сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх болон өөрийн үзэл бодлоо илэрхийлж сурах арга барилд сургах хүчирхэг зэвсэг болно. Асуудлын сөргөлдөөнтэй талуудыг олж харах, өөрийн байр суурийг илэрхийлэн жишээ баримтаар нотлох, сөрөг нотолгоонуудыг сонсож түүнд хариулах чадварыг эзэмшсэн тохиолдолд мэтгэлцээн нь ихэд ашигтай сэтгэгдэл төрүүлнэ. “Мэтгэлцээний” түүхийн товчооноос 1998 оны 5-р сарын 18-21-нд Парламентын мэтгэлцээниий анхны сургалт семинарыг Харвардын Их сургуулийн хуулийн сургуулийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод зохион байгуулж улсын болон хувийн Их, Дээд сургуулиудын 38 оюутан хамрагдаж байжээ. 1998 оны хичээлийн жилээс эхлэн Их, Дээд сургуулиуд дээр оюутны мэтгэлцээний клубууд байгуулж нээлтээ хийжээ. 1998 оны 10-р сарын 10-18-нд МУИС-ын Беркли, Бест, ТИС-н КТМС-н Центуриес клубт Парламентын мэтгэлцээний анхны сургалт семинар явагдсан байна. МЭТГЭЛЦЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА Та бүхнийг мэтгэлцээний ертөнцөд урьж байна. Мэтгэлцээн та бүхэнд олон талаар туслах болно. Улс төрчид ажл хэрэгч хүмүүс, эрдэмтэн шинжээчид гээд янз бүрийн мэргэжлийн хүмүүс асуудлыг шийдвэрлэх, шийдвэрээ хамгаалахдаа мэтгэлцээний арга техникийг ашигладаг. Ер нь бидэнд мэтгэлцэх шаардлага дандаа тулгардаг шүү дээ. Мэтгэлцэгч сэдвийн дагуу судалгаа хийж, бүтээлчээр сэтгэн, өөрсдийн үзэл бодлоо итгэл үнэмшилтэйгээр танилцуулж сурдаг. Мэтгэлцээн та бүхэнд ямар зорилготой оролцож буйгаас чинь үл хамааран шинэ үүд хаалга нээх болно. Мэтгэлцээн гэж юу вэ? Бидний өдөр тутмын амьдралд ямар нэг асуудлаас болоод хоорондоо маргалдах, мэтгэлцэх тохиолдол үргэлж гарч байдаг ба хоёр юмуу түүнээс олон хүмүүс ямар нэг асуудлаар эсрэг байр суурь баримталсан үед мэтгэлцээн үүсдэг. Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог мэтгэлцээн, маргаан нь албан ёсны бус байдаг. Харин албан ёсны МЭТГЭЛЦЭЭН нь өөрийн тодорхой БҮТЭЦ, ЖУРАМ бас ХЯЗГААРТАЙ байна. Энгийн маргаанд хэн нэг нь маргагч мөн шүүгч байдаг бол мэтгэлцээнд гуравдагч тал буюу шүүгч байдаг. Мэтгэлцээн нь ШИЙДЛЭЭС эхлэх ба НОТЛОГЧ болон НЯЦААГЧ талууд уг шийдлийн талаар өөрсдийн үзэл бодлыг НОТОЛГОО болон жишээ баримтуудаар батлаад зогсохгүй эсрэг багийн нотолгоонуудыг баталгаагаар няцаана. Мэтгэлцэх шалтгаан Мэтгэлцээн нь биднийг нийгэмд болж буй үйл явдалд шүүмжлэлтэй хандаж, асуудлыг олон талаас нь харж, өөрийн байр сууриа жишээ баримттай, үндэслэлтэй нотолгоонуудаар илэрхийлж сургадаг. Үүний зэрэгцээ мэтгэлцэгч нь бусад өөрийн санаа бодлыг ойлгуулах ёстой. Үүний тулд бодол санаагаа итгэл үнэмшилтэй, үр нөлөөтэй, тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Боловсрол болон ажил мэргэжлийн хүрээнд амжилт олохын тулд бусдад өөрийн санаа бодлыг ойлгуулах аргыг эзэмших нь зайлшгүй хэрэгтэй. Ардчиллын нөхцөлд мэтгэлцээн нь улс төрийн үйл явцыг ойлгож, өөрийн үзэл бодлоо хамгаалах арга хэрэгсэл болно. Мэтгэлцээний гурван зарчим Нэг. Суралцахын тулд мэтгэлцэх Ардчилсан нийгэмд залйшгүй шаардлагатай чадваруудыг эзэмшихэд мэтгэлцээн та бүхэнд тусална. Мэтгэлцээн нь та бүхний боловсрол мэдлэгийг баяжуулахад чиглэдэг. Ингэхлээр мэтгэлцээний 1-р зарчим бол СУРАЛЦАХ зарчим юм. Мэтгэлцээнд оролцсоноор бид мэдээлэл, мэдлэг олж авахаас гадна бидний харилцааны болон ярианы чадвар хөгжинө. Ингэхээр суралцах нь ялахаас илүү чухал болно. Хоёр. Үнэнийг баримтлах зарчим Үнэнийг баримтлах нь мэтгэлцээний бүх талуудыг уялдуулж өгөх чагт юм. Мэтгэлцээн нь хүмүүсийн төрөлхийн сониуч зангаас урган гарсан. Бид ямагт үнэнийг мэдэхийг хүсч байдаг билээ. Улс төрийн шинэчлэл бидэнд хэрэгтэй юу? Бид алс холын гариг уруу аялах болов уу? Бусад гаригууд дээр амьдрал байдаг уу? Эдгээр асуултууд өнгөрсөн, одоо, ирээдүйтэй холбогдсон ба үнэнийг мэдэхэд чиглэсэн байна. Та үнэнийг талыг баримталснаар бусад хүмүүст ч сайн нөлөө үзүүлэх болно. Гурав. Бусдыг хүндэтгэх зарчим Мэтгэлцэгч нь бусдадаа хүндэтгэлтэй хандах ёстой. Зөвхөн санал зөрөлдсөний төлөө бусдыг дарамтлах, дэлгэрэнгүй байдал гаргах хэрэггүй. Мэтгэлцээн нь бусдын үзэл бодлыг хүндэтгэж сурахад тусална. Мэтгэлцээн нь үзэл бодлын сөргөлдөөн учраас бие хүнийг шүүмжлэх нь ашиггүйгээр барахгүй түүний хэлсэн үг, дэвшүүлсэн санаа нь өөрчлөлтгүй хүчин төгөлдөр хэвээр үлдэх болно. Мэтгэлцээнээр олж авах чадварууд Бүтээлч сэтгэлгээний чадвар Мэтгэлцээнд хамгийн чухал чадвар бол бүтээлч сэтгэлгээний чадвар юм. Бүтээлч сэтгэлгээний чадвар нь мэтгэлцээний үе шат бүрд ач холбогдолтой. Эхлээд шийдлийн дагуу судалгаа хийхийн тулд сэдвийг дотор нь задлах хэрэгтэй. Бүтээлч сэтгэлгээний чадвар нь үндэслэл сайтай нотологоо дэвшүүлэхэд ач холбогдол бүхий юм. Хийвсэр санаа бодол болон бодит үнэний хоорондох уялдаа холбоог гаргаж бусдын үзэл бодолд анализ хийж сурахад тусална. Санаа бодлоо илэрхийлж, бусдын санаа бодлыг сонсож, нээлттэй шүүн хэлэлцэж сурснаар энэ чадварыг эзэмшинэ. Судалгаа хийх чадвар Нотологоог энгийн логик холбоогоор эсвэл нийтлэг жишээгээр дэмжих нь байдаг ч асуудлыг уншиж судлан өөрийн дэвшүүлж буй нотолгоондоо дэмжлэг болохуйц жишээ тоо баримт, эшлэл олж авах нь зайлшгүй чухал. Ингэсэн тохиолдолд таный дэвшүүлсэн нотологоо үнэмшилтэй болно. Илтгэх чадвар Мэтгэлцээний үед таны илтгэл дэс дараалалтай, эмх цэгцтэй байх нь чухал юм. Хэрэв та уншиж байгаа зүйлээ ойлгоогүй бол эргэн харж болох ба харин мэтгэлцээний үед ингэх боломжгүй юм. Сонсох болон тэмдэглэл хөтлөх чадвар Мэтгэлцээнд ярих болон сонсох чадвар нь адилхан үүрэгтэй. Хэрэв эсрэг талаа бүрэн сонсож ойлгохгүй бол тэдний дэвшүүлсэн нотолгоонуудыг нь хэрхэн няцаах билээ. МЭТГЭЛЦЭЭНИЙ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 1. Шийдэл Мэтгэлцэхийн тулд нэг сэдэв хэрэгтэй. Энэ нь шиийдэл болно. Шийдлийг ямагт Шийдсэн нь… гэж эхэлдэг. Мэтгэлцээн эхлэхээс 20 мин өмнө өрсөлдөгч нарт мэтгэлцэх сэдвийг /шийд/ танилцуулж өгнө. Мэтгэлцээн эхэлтэл багууд бэлдэж болох боловч шийдлийг танилцуулахаас өмнө бэлтгэсэн ямар нэгэн материал ашиглахыг хориглоно. Мэтгэлцээний үе бүрт улс төр, нийгэм, эдийн засаг, гүн ухааны зөрчилтэй талуудыг агуулсан шийдлийг хэлэлцэнэ. 2. Нотолгоо Сэдвийн хүрээнд талууд өөрийн дэвшүүлж байгаа санал бодлыг зөв гэдгийг шүүгчид ойлгуулахын тулд нотолгоонууд /аргумент/ дэвшүүлэх ёстой. Энэ нь танай багийн байр суурь зөв гэдгийг итгүүлэх үндэслэл гэсэн үг юм. Сэдвийг 2 талаас нь сайтар авч үзсэний эцэст дэвшүүлсэн нотолгоог шүүгчид үнэлдэг ба нотолгоогоо хамгаалахад сайн талтай. Хамгийн гол нь нотолгоог няцаахад хамгаалж чаддаг байх ёстой. 3. Нотлох тал Мэтгэлцээнд шийдлийн үнэн болохыг, өөрсдийн байр суурыг илэрхийлэн үнэн болхыг шүүгчдэд нотлон харуулах үүрэгтэй. 4. Няцаах тал Шийдлийн буруу алдаатай болохыг эсвэл шийдлийг хамгаалж нотлогч талын дэвшүүлсэн нотолгоонууд нь алдаатай болохыг шүүгчдэд нотлон харуулна. 5. Няцаалт Няцаалтын гол зориго нь тэмцээний гол асуудлуудыг тодруулах зорилготой. Няцаалтад шинэ аргумент гаргахыг хориглох бөгөөд харин шинэ жишээг бол үргэлж зөвшөөонө. Хэрэв баримтлах илтгэлдээ аль нэг дүгнэлтийг хэлээгүй бол тэрийг няцаалтад оруулж болохгүй. Няцаалтын үеэр илтгэгч нь эсрэг багийн дэвшүүлээд хариу аваагүй зүйлүүдийн талаар түрүүлж дурсахыг хориглоно. 6. Тодруулгын үе Энэ нь эсрэг талын илтгэгчийн яриаг түр тасалж асуулт тавих буюу буруу зөрүүтэй зүйлийг тодруулахыг хэлнэ. Ингэхийн тулд мэтгэлцэгч босч “Тодруулгын үе” гэж хэлнэ. Илтгэгч тодруулгын үеийг хүлээн, үгүй эсэхийг өөрөө шийднэ. Энэ үе нь 15 сек- ээс хэтрэхгүй бөгөөд үүнийг илтгэгчийн хугацаанд тооцно. 7. Дэмжлэг Дэвшүүлж буй нотолгоонуудаа бодитой тоо баримт жишээгээр баяжуулж үнэмшилтэй болгох ёстой. Мэтгэлцээнд дэмжлэгийг судалгаагаар олох ба дэмжлэг нь ихэвчлэн судлаачдын дүгнэлт байдаг. 8. Хайчин асуулт Мэтгэлцээнд эсрэг багийн гишүүд бие биеэс асуулт асууж хариулт авах боломжтой байдаг. Хайчин асуултын үеийг эсрэг талын байр суурийг тодруулахад болон эсрэг багийн кейсийн алдааг илрүүлэн харуулахад ашигладаг. Хайчин асуултын мэдээллийг дараагийн илтгэлээ ашиглах хэрэгтэй. 9. Дүрмийн үе Энэ нь эсрэг талын илтгэгчийн илтгэлийн үед мэтгэлцэгч мэтгэлцээний дүрмийг зөрчсөн хэмээн эсэргүүцэхийг хэлнэ. Мөн босч “ би дүрмийн үеийг тавихыг хүсч байна ” гэж хэлнэ. Илтгэгч илтгэлээ зогсоож эсэргүүцлийг сонсоно. Эсэргүүцлийг хүлээж авах эсэхийг илгэгч шийднэ. 10. Шүүгчийн шийдвэр Шүүгч нь хоёр талын нотолгоонуудыг нэгбүрчлэн сонсож тэмдэглэл хөтөлсний үндсэн дээр аль баг шийдэлтэй илүү уялдаа холбоо бүхий үнэн зөв нотолгоо гаргасныг харгалзан ялсан багийг тодорхойлж, шүүгчийн хуудсан дээр тэмдэглэнэ. МЭТГЭЛЦЭЭНИЙ ТӨРЛҮҮД Оролцогчдын тоо болон асуудлыг юуг үндэс болгон хэрхэн авч үзэж байгаагаар нь мэтгэлцээнийг Линколин Дугласын мэтгэлцээн, Бодлогын мэтгэлцээн, парламентын мэтгэлцээн, Карл Попперын мэтгэлцээн гэх мэтээр хуваан үздэг. Линколин Дугласын Мэтгэлцээн Абраам Линколин болон Стефен Дуглас нарын хооронд болсон алдартай мэтгэлцээнээс уламжлан ийнхүү нэрлэсэн ба үнэт зүйлийн мэтгэлцээний төрөл болно. Бодлогын Мэтгэлцээн Бодлогын мэтгэлцээн нь тодорхой байр суурийг хэрэгжүүлэх асуудалд чиглэдэг. Нотлох тал өөрчлөлтийн төлөвлөгөө дэвшүүлэн нотлогчийн төлөвлөгөө ихээхэн давуу сайн талтай болохыг хамгаалдаг. Харин няцаах тал өөрчлөлт хийх шаардлагагүй ба нотлогчийн төлөвлөгөө сул талтай болохыг батлан харуулах юм. Бодлогын мэтгэлцээний дэмжлэг нь ихэвчлэн тоо баримт байдаг бол Линколин Дугласын Мэтгэлцээний дэмжлэг гүн ухаан, утга зохиолын шинжтэй байна. Карл Поперын Мэтгэлцээн Карл Попперын Мэтгэлцээн нь Линколн-Дугласын болон бодлогын мэтгэлцээний холимог төрөл ба гурав-гурав загвар нь сурагчдын баг болон хамтарч ажиллах дадалтай болгодог. Карл Попперын Мэтгэлцээн нь сурагчдын бүтээлч сэтгэлгээний болон үндэслэл дэвшүүлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэгддэг ба хэлэлцэж буй асуудлыг хэрхэн шийдэх талаар төлөвлөгөө дэвшүүлэхийг шаардадгаараа бодлогын мэтгэлцээнтэй төстэй хэлбэр. Карл Поперын Мэтгэлцээний загвар Нэг баг гурван илтгэгчтэй байдаг ба хүн тус бүр өөрийн үүрэгтэй. Үүнд: Илтгэгч Хугацаа Нот-1 6 минут Няц 3 ба Нот 1 3 минут-Хайчийн асуулт Няц 1 6 минут Нот 3 ба Няц 1 3 минут-Хайчин асуулт Нот 2 5 минут Няц 1 ба Нот 2 3 минут-Хайчийн асуулт Няц 2 5 минут Нот 1 ба Няц 2 3 минут-Хайчин асуулт Нот 3 5 минут Няц 3 5 минут ЗГ –ын баг нь Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүн хоёроос бүрдэнэ. Сөрөг хүчний баг нь сөрөг хүчний удирдагч болон сөрөг хүчний гишүүнээс бүрдэнэ. Илтгэл тавих дараалал: · Баримтлалын илтгэл Ерөнхий сайд - 7 минут Сөрөг хүчний удирдагч - 8 мин ЗГ–ын гишүүн – 8 мин Сөрөг хүчний гишүүн – 8 мин Няцаалтын илтгэл Сөрөг хүчний удирдагчийн няцаалт – 4 мин Ерөнхий сайдын няцаалт илтгэл – 5 мин 1. Ерөнхий сайдын баримтлалын илтгэл /7мин/ - Шийдлийг мэдэгдэж, холбогдох асуудлуудыг танилцуулна. - Кейсийг тодорхой нарийн мэдээлнэ. - Кейсийг баталгаажуулах хэд хэдэн нотолгоо гаргана. Өөрийн илтгэлийн хэсэгт шийдлийн нөхцөлүүдийг ЕСайд тодорхойлж мэтгүүлцүүлэх кейсийг санал болгох үүрэгтэй. Е сайдын баримтлалын илтгэл нь мэтгэлцээний уур амьсгал, үндсийг тодорхойлж өгдөг. ЕС –ын баримтлалын илтгэл нь боловсронгуй бөгөөд сайн танилцуулагдсан бол ЗГ нь кейсээ амжилттай үргэлжлүүлэх боломжтой болно. ЕС-ын илтгэл наад зах нь шийдлийн шалтгаан, үр дагаварыг тодорхойлж, ЗГ-ын кейсийг тодорхой тайлбарлаж, кейсийг хамгийн багадаа 3-н тусдаа шинжилгээ дүгнэлтээр дэмжих хэрэгтэй. Анхаарах зүйл: Шийдэлтэй нягт холбоотой байна. Аль нэг салбараар хэт явьцуурахгүй байх Энгийн үнэн байх эсвэл давтан тодорхойлсон /тавтологи/ байж болохгүй Цаг орон зайг тогтоож болохгүй 2. Сөрөг хүчний удирдагчийн баримтлалын илтгэл/8мин/ - Сөрөг хүчний үзэл баримтлалыг илэрхийлнэ. - Сөрөг хүчний стратеги/сөрөг кейсийг танилцуулна. - Бие даасан шинжилгээ дүгнэлтүүдийг танилцуулна. - ЕС-ын баримтлалын илтгэлийн нотолгоонуудыг няцаана. Сөрөг хүчний удирдагчын гол зорилго бол сөргөлдөх явдал. Ө/х, ЗГ-ын танилцуулсан кейсийг шууд үгүйсгэх ёстой. Сөрөг хүчний байр суурийг тодорхойлно. Сөрөг хүчний удирдагч ЗГ-ын дүгнэлт шинжилгээг няцааж, сөрөг хүчний талын байр суурийг дэмжсэн эсрэг нотолгоог танилцуулах ёстой. Сөрөг хүчний удирдагч Е сайд дуусмагц илтгэлээ тавих ба Парламентийн мэтгэлцээнд илтгэлүүдийн хооронд бэлтгэх цаг олгогддоггүй. 3.ЗГ-ын гишүүний баримтлалын илтгэл ЗГ-ын гишүүний илтгэл нь ЗГ ялах, хожигдохыг тодорхойлно. ЗГ-ын гишүүн нь ЗГ-ын баримтлалыг ахин тогтоох, сөрөг хүчний удирдагчийн аргументуудыг няцаах үүрэгтэй. ЗГ ын гишүүн нь Есайдбн тависан санаануудыг ахин төгөлдөржүүлэн, мөн ЗГ ын байх суурийг илтгэх нэмэлт, бие даасан дүгнэлтүүдээр баяжуулна. Эцэст нь ЗГ ын гишүүн сөрөг хүчний удирдагчийн тавьсан бие даасан аргументуудад няцаалт өгнө. Хэрэв эдгээр зүйлийг ЗГын гишүүн дурдаагүй бол, тэдгээр нь ЕС ын хийх няцаалтад орох ёсгүй. 4. Сөрөг хүчний гишүүний баримтлалийн илтгэл - Сөрөг хүчний үзэл баримтлалыг тоймлоно. - Шинэ баримт, дүгнэлтийг танилцуулна. - Үндсэн асуудлыг дурьдана. ЗГ ын гишүүнийг эсэргүүнэ. - ЗГ т шахалт бэрхшээл учруулна. Сөрөг хүчний гишүүн нь ЗГ-ын гишүүнтэй адил сөрөг хүчний баримтлалийг дахин тогтоож, ЗГ ын аргументыг няцаана. Сөрөг хүчний гишүүн нь ЗГ ын гишүүний шинээр дэвшүүлсэн аргуиентэд хариу өгөх үүрэгтэй, хэрэв няцаалт өгөхгүй үлдээвэл Сөрөг хүчний удирдагч өөрийн няцаалтдаа тэдгээрт хариу өгөх эрхгүй. СХГишүүн нь Сөрөг хүчний удирдагчийн баримтлалын ахин тогтоож, өргөжүүлж, бие даасан дүгнэлтүүдийг дэвшүүлнэ. Бараг 25 мин турш бэлдэх боломжтой сөрөг хүчний гишүүн нь тэмцээний үеэр гарах бүх маргааныг нэгтгэн дүгнэх ашигтай байрлалд байдаг. 5. Сөрөг хүчний удирдагчын няцаалт - Үндсэн асуудлуудыг авч үзнэ - Шинэ жишээнүүдээр асуудлуудыг тодорхойлно - Зөрөлдөөнтэй сауудлуудыг салган ангилна. - Дүгнэлт хийнэ. Анхаар: Шинэ нотолгоог танилцуулах ёсгүй. 6. Ерөнхий сайдын няцаалт /5 мин/ - Тухайн үеийг нэгтгэн дүгэнэ. - Нэн чухал асуудлуудыг онцлон тэмдэглэнэ. - Шинэ жишээнүүдээр асуудлуудыг тодруулна. - Зөрөлдөөнтэй асуудлуудыг салган ангилна. - Дүгнэлт хийнэ.